өдөр
шөнө
×

Баримт: Л.Оюун-Эрдэнэ, Г.Ёндон нар хэвлэл, сайтуудтай 260 сая төгрөгөөр “хаалтын гэрээ” байгуулжээ

Төсвөөс санхүүждэг төрийн байгууллага хэвлэл мэдээллийн аливаа нэг хэрэгсэлтэй ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Захиалагч талын нэр хүндэд харшлах аливаа сөрөг мэдээ мэдээллийг захиалагч талд мэдэгдэх, нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт тусгаж гэрээ байгуулахыг хаалтын гэрээ хэмээн нэрлэдэг. Товчхондоо үүнийг төрийн мөнгөөр түмний нүдийг хуурч, өөрсдийн хулгай луйвраа нуух гэсэн оролдлого хэмээн ойлгож болох юм.

Тэгвэл ийм зүйл, заалт бүхий гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулж нэр бүхий 13 сайт, сонин, телевизүүдтэй байгуулжээ.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 260 сая төгрөгийн үнийн дүн бүхий 13 ажил гүйцэтгэх гэрээг баталж, гэрээний мөнгийг цагаан сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна.

Тус гэрээний 1.2-т “Энэхүү гэрээний зорилго нь Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай шууд холбоотой мэдээ, мэдээллийг “А” талд мэдэгдэж зөвшөөрөгдсөн тохиолдолд .... сайт дээр байрлуулах...., гэрээний хугацаанд “А” тал “Б” талын сувгаар өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл, тайлбар, сурвалжилга, ярилцлага, шторкийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу нэвтрүүлэх болон эдгээртэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” хэмээн тусгажээ.

Эндээс харвал тус гэрээ нь зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай холбоотой харилцааг зохицуулахгүй Засгийн газартай холбоотой харилцааг ч бас давхар зохицуулахаар тусгагджээ.

Хамгийн сонирхолтой нь Уул уурхайн яам 13 сайт, телевиз, сонин тус бүртэй 20.0 сая төгрөгөөр хавтгайруулан гэрээ байгуулсан байдаг бөгөөд үүнд дараах компани, төрийн бус байгууллагуудын эрхлэн ажиллуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтжээ:

  1. Бенекрафт ХХК - ikon.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  2. Ган үзэгтэн ХХК - zarig.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  3. Медиахолдинг ХХК - TV9 телевиз - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  4. Чаннел Уан ХХК – С1 телевиз - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  5. Бүүст медиа монголиа ХХК – mpress.mn сайт- гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  6. АЭ энд Жааг ХХК – 25-р суваг телевиз - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  7. Логоо ХХК – Eguur.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  8. Ийгл броадкастинг ХХК – Eagle телевиз - гэрээ байгуулсан үнийн дүн 20 сая төгрөг
  9. Ньюс аженси ХХК – News.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  10. Эн Ти Ви броадкастинг ХХК - NTV телевиз - гэрээ байгуулсан үнийн дүн 20 сая төгрөг
  11. Масс Ти Ви ХХК – Mass.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  12. Хөх-Ах НҮТББ - itoim.mn сайт - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг
  13. Өдрийн мэдээ ХХК – Өдрийн сонин - гэрээ байгуулсан үнийн дүн 20.0 сая төгрөг.

Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч нарын компани 60 сая төгрөгийн санхүүжилт авчээ

Өөр нэг анхаарал татахуйц зүйл байгаа нь Ерөнхий сайдын ажлын албаны зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчдийн хамаарал бүхий телевиз, сайтууд дээрх гэрээнд багтсан байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн хувь эзэмшдэг Бенекрафт ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг Ikon.mn сайт дээрх гэрээнд багтаж 20 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ч.Болортуяа нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдохоос өмнө ikon.mn сайтын ерөнхий редакторын албан тушаал хашиж байсан нэгэн юм.

Мөн үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундрагийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Монголмасс медиа ХХК-ийн охин компани болох Ийгл бродкастинг ХХК-ийн "Eagle телевиз" 20 сая төгрөгөөр гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзултай хамаарал бүхий Масс Ти Ви ХХК ч бас дээрх гэрээнд багтан 20 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Масс Ти Ви ХХК-ийн хувьцаа эзэмшигч Нямгарав овогтой Мөнхжаргал нь Т.Ганзулын гүйцэтгэх захирлаар нь бүртгэгдсэн Имержмедиа ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Энэ бүхнээс харвал Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, Н.Мөнхжаргал нар нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд болох нь харагдаж байна.

 

Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухайд энэ мэтээр Засгийн газрын харьяа яамтай нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүдээрээ дамжуулан гэрээ байгуулж, их хэмжээний санхүүжилт авсан нь Авилгын эсрэг хуулийн: "7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; 7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих" зэрэг заалтуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон байна. 

Эцэст нь хэлэхэд,  цаашид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхайн сайд Г.Ёндон нар нийтийн эрх ашгийг зөрчсөн ямар нэгэн ноцтой шийдвэр гаргахад эдгээр хэвлэлүүдийн ам үдээстэй байж, тэднийг өмөөрөх нь тодорхой болов...

Үргэлжлэл бий..
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Иргэд (64.119.20.96)
    Би чадначуудын чаддаг ажил
    2022 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин Зочин (203.91.115.49)
    Өнөөдөр та нар ард түмнээ гар буугаар буудаж байна. Ирээдүйд та нарыг Ард түмэн их буугаар буудаж хүйс тэмтрэнэ дээ.
    2022 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (139.5.218.231)
    Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн хаалтын гэрээг олж гаргаач алдаа дутагдалыг гарсаны маргааш нь магтаал зэрэгцээд бүх хэвлэл сайтаар гардагыг юу гэж оылгох вэ
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.188.37)
    Ашиг сонирхлын зөрчилтэй зөвлөхүүдээ зайлуулаач.
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.112)
    Oyun erdene buun hulgaichdaar hureeluulchijee. yaaj iiim hulgaichdaar zuvluuleed tur udirdana gej bodood suuj bdg bnaa
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
Top