өдөр
шөнө
×

Ши Жинпинийн Монголд ирээд хэлсэн үгийг Л.Оюун-Эрдэнэ Хятадад очоод “сануулжээ”

Бээжингийн өвлийн олимпын нээлт дашрамдуулан Хятадад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзсан. Тэр уулзалтаар манайд тулгамдаа, эсхүл хүлээгдээд олон жил болсон эдийн засгийн ач холбогдол бүхий  томоохон асуудлуудаар тодорхой шийдэлд хүрсэн юм.

Харин уржигдар Хятадын дарга Ши Жинпиньтэй уулзжээ. Ши Жинпинь Ерөнхий сайдтай уулзахдаа “...Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Хятад Монгол хоёр нэг нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн зам, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэн, хоёр улсын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд түвшний харилцаа холбоогоо бататган, төр улсаа засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна.

Хоёр орны Засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, богино хугацаанд бодит үр дүнд хүргэхийг хүсч байна. Сүүлийн хоёр жил Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллан, ихээхэн үр дүнд хүрсэн. Хятадын тал Монголын талтай үргэлжлүүлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа жинхэнэ олон ургальч үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй” гэжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна. Олимп бол хүн төрөлхтний энхтайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ.

Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш. Хятадын хөгжил Азийн үнэлэмжийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болсон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын XIV таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна” гэсэн байна.

Ерөнхий сайдын үгэндээ “...Алтаар ч солихгүй сайн хөрш”, “...Хятадын хөгжил Азийн үнэлэмжийн тухай үзэлт соёл”, “...Хятадын хөгжлийн хурдны тэрэг” гэсэн нь манайханд их содон туслаа. Хэвлэлүүд онцолж, хүмүүс гайхаж байна.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эдгээр үгс  нь монгол бус хятад хэллэг, бас сэтгэлгээ гэхэд болох аж. Өөрөөр хэлбэл, хятад хүнтэй ойлголцоход хялбар утга гэсэн үг юм.

Хятадын дарга Ши Жинпинь найман жилийн өмнө 2014 оны наймдугаар сарын 22-нд манай улсад ирээд УИХ-ын чуулганы индэр дээрээс яг энэ үгсийг хэлж байжээ.

“Трэнд” болж буй “...Алтаар ч солихгүй сайн хөрш”-ийн тухайд “...Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг.  Хятад хүн ...“Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад  улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг” гэсэн байдаг.

Мөн “...Хятадын хөгжил Азийн үнэлэмжийн тухай үзэлт соёл” гэсний тухайд “...Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд харилцан хүндэтгэж, харилцан итгэх, нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгах хэрэгтэй” гэжээ.

Түүнчлэн “...Хятадын хөгжлийн хурдны тэрэг” гэсний тухайд “...Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “...Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “...Би хожиж, чи хожигдоно”, “...Би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл, Ши Жинпинийн Монголд ирээд хэлсэн үгийг Л.Оюун-Эрдэнэ Хятадад очоод “сануулсан” байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.50.92)
    Өмхий новш вэ?
    2022 оны 02 сарын 08 | Хариулах
Top