Монголбанкнаас банкны салбарын хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ятгах тусам нягтал-2021”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянуудад идэвхтэй оролцсон байгууллагуудыг тодруулж, талархлаа илэрхийллээ.
Залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал-2021” аяныг Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран 2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 31-нд амжилттай хэрэгжүүлээд байна.
Энэ хүрээнд тус аянд идэвх санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагналаа. Тухайлбал,
Арилжааны банкуудаас:
-
Тэргүүн байр: ХААН банк,
Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас:
- Тэргүүн байр: Дорноговь аймаг дахь Монголбанкны салбар,
- Дэд байр: Архангай аймаг дахь Монголбанкны салбар,
- Гутгаар байр: Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтэс
Цагдаагийн байгууллагуудаас:
- Тэргүүн байр: Увс аймгийн Цагдаагийн газар
- Дэд байр: БГД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтэс шалгарав.
Мөн түүнчлэн 2012 оноос хойш тэмдэглэж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг энэ жил Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Аяны хүрээнд жил бүрийн аравдугаар сарын турш арилжааны банкууд болон Монголбанкны орон нутаг дахь салбар, нэгжүүд хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчлах зэрэг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд идэвх, санаачилгатай оролцсон дараах байгууллагуудыг тодруулж, шагналаа. Тухайлбал,
Арилжааны банкуудаас:
- Тэргүүн байр: Голомт банк,
- Дэд байр: Худалдаа, хөгжлийн банк,
- Гутгаар байр: Богд банк.
Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбараас:
- Тэргүүн байр: Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар,
- Дэд байр: Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтэс,
- Гутгаар байр: Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар шалгарав.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард нийт хадгаламжийн хэмжээ 17.2 их наяд төгрөг байсан бол 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 18.8 их наяд төгрөг болж, даруй 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ нь нэг талаар бидний энэхүү ажлын үр дүн юм. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоог олгодгийг бид мэднэ. Хадгаламж өссөнөөр түүний төлөөх өрсөлдөөн буурах, улмаар зээлийн хүүг бууруулах эерэг талтай. Энэ аянд арилжааны банкуудын оролцоо, санаачилга чухал гэдгийг онцолмоор байна” гэдгийг тодотгосон юм.