өдөр
шөнө
×

Төрийн банк хуримтлалтай дундаж давхаргыг бий болгоно

Монгол Улс 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө “Нийт хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилт тавьсан. Ингэхдээ нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд багтах, дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан, эдийн засгийн өндөр хөгжилтэй, экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан улс болно хэмээн ирээдүйг өөдрөгөөр төсөөлсөн зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол суурь нь дундаж давхаргыг бүрдүүлэх явдал юм. Олон улсад нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор дундаж давхарга нь ажилтай, цалин орлоготой, хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон боловсрол, эрүүл мэнд, байрны төлбөрөө төлдөг, цаана нь тодорхой хэмжээгээр "хуримтлал" хийчихдэг, жилдээ ганц, нэг удаа гадаад улс орон руу аялах боломжтой, нийгмийн идэвх оролцоотой хэсгийг хэлдэг.

Савлагаатай эдийн засагтай, хэврэг дундаж ангитай, амьдралын өндөр өртөгтэй манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх дундаж давхаргын нөлөө туйлын бага байгааг эдийн засагчид, судлаачид онцолсоор байна. Хэдий иргэдийн банкан дахь хадгаламж өсөлттэй байгаа ч хадгаламжийн нийт дүнгийн 80 хувь нь хадгаламж эзэмшигчдийн гурван хувьд ногдож байна.

Монгол Улсын Засгийн газраас Дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг. Тэгвэл энэхүү ажлыг Монголын банк санхүүгийн салбарын Топ 5 банкны нэг болох Төрийн банк хэрэгжүүлэхээр болсон.

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх санхүүгийн хөтөлбөрүүдийг биелүүлэн ажиллаж, дундаж давхаргыг дэмжигч банк гэдгээ харуулсан.

Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг тус банкны хувьд “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилт тавин дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж дараах үндсэн 3 чиглэлд ажиллаж байна. Үүнд:

-Дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн Санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх;
-Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
-Санхүүгийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх /г.м/

Санхүүгийн боловсролтой иргэнтэй улсын дундаж давхаргын хүн амд эзлэх хувь өндөр байдаг. Төрийн банкны хувьд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүд болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зорилтод хэсэгт хүргэх ажлуудыг зохион байгуулсаар байна. Тухайлбал, Дундаж давхаргад зориулсан хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад хадгаламжийн бүтээгдэхүүнийг шат дараатайгаар зах зээлд нэвтрүүлснээс гадна “Мөрөөдлөө хадгалъя” хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтод аянаа Төрийн банкны Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгжээрээ зарласан.

Түүнчлэн дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор төвүүдийг байгуулан, мэргэшсэн санхүүгийн зөвлөхүүдийг бий болгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх, сургалт явуулах, дэмжих зэргээр ажиллахын зэрэгцээ дундаж давхаргын эрэлт хэрэгцээнд нийцсэн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнийг гаргаж,  хамгийн таатай нөхцөлөөр олгохоор болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top