Үндэсний аудитын газрын удирдлагууд “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 арга хэмжээний “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэгт оролцлоо. Салбар хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Авлига-Залилангийн эсрэг төрийн аудитын бодлого-чиглэл” илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр илтгэлдээ, “Бусад салбаруудтай харьцуулан гаргасан мэргэжлийн байгууллагын судалгаагаар төрийн байгууллагуудад ёс зүй зөрчигдөж, илүү их боломж, хүсэл эрмэлзлээсээ болж зөрчилд өртөмтгий зарим үйл ажиллагааг дурдвал. Тухайлбал, төрийн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэлт, хөгжлийн албан ёсны тусламж, татаас, тэтгэмж, хөтөлбөр болон эрх, тусгай зөвшөөрөл, концесс олгох асуудлууд зөрчилд илүү өртөмтгий байна. Мөн гамшгийн үеийн аюулгүй байдлыг бууруулах арга хэмжээ, батлан хамгаалах, татвар, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг байна. Төрийн байгууллагуудын дотоод хяналтын тогтолцоо хэлбэр төдий төлөвшилтэй, тэдгээрийн ажлын хүлээн зөвшөөрөгдөх байдал хангалтгүй, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиж буй хандлага нь авлига-залилангийн өндөр эрсдэлийг дагуулж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлийнхээ төгсгөлд, Төрийн аудитын байгууллага төрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн шийдэлд үндэслэн, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч болохуйц аливаа асуудлаар нөхцөл байдлыг үнэлж, эрсдэлтэй асуудал болон дүн шинжилгээний нотлох зүйлсэд тулгуурлан бодитой үнэлэлт дүгнэлт өгөхүйц арга хэмжээг аудитын тайлангаар дамжуулан төр, олон нийтэд толилуулсаар байх болно. Үүнийг хэрэгжүүлэхэд бүрэн эрхийнхээ хүрээнд аудитын технологи, арга зүй, горимыг сайжруулах, мэдээллийн цахим тогтолцоог бий болгохоос гадна Төрийн хяналтад, иргэд, олон нийтийн санаа бодлыг нээлттэй хүлээн авахад анхаарлаа хандуулж байгаагаа онцолсон юм.