өдөр
шөнө
×

Банкууд он дуусахаас өмнө хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ₮100 тэрбум хүргэнэ

Өнгөрсөн 7 хоногт арилжааны банкуудаас анх удаа Богд банкны IPO буюу хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржийн цан цохих ёслол болсон нь эдийн засаг, санхүүгийн салбарынхны анхаарлын төвд байв. 

Энэ нь 2021 оны эхэнд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдсэн IPO юм. Тус хуулиар арилжааны банкуудыг хувьцаат компани болохыг шаардаж буй. Шинэ хуулиар банкны системд нөлөө бүхий том 5 банк заавал нээлттэй хувьцаат компани, бусад банкууд хувьцаат компани хэлбэртэйгээр компанийн хэлбэрээ өөрчлөн байгуулна гэж заасан. Ингэх нь арилжааны банкуудын засаглалыг сайжруулж, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү хяналттай болгох хүлээлттэй байна. Өмнө нь татан буугдсан арилжааны банкуудын түүхээс үзвэл засаглалын чанар муугаас болж үйл ажиллагаа нь доголдсон байдаг тул энэхүү реформ цаашдын банкны секторын тогтвортой байдалд чухал үр нөлөөтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж буй.

Банкны салбарын реформын хүрээнд 2023 он хүртэл хийгдэх ажлуудыг харвал: 

● 2021/12/31 банкны төлбөрийн чадвар, эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум хүртэл нэмэгдүүлэх. 

● 2022/06/30 Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани, бусад банкууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдсан байх. 

● 2022-2023 Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон бүтцэд өөрчлөлт орох тухай бүр Монголбанкаас зөвшөөрөл олгож, хяналт тавих. 

● 2023/12/31 Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулах үүрэг хүлээгээд буй юм. 

Монголбанк 2020-2023 онд “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйгаа зарласан бөгөөд үүний хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, банкуудыг хөрөнгийн зах зээлд гаргах, олон нийтийн хяналттай болгох, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах бодлого хэрэгжиж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top