Эрдэнэт үйлдвэрийн алсын хараатай, үр өгөөжтэй хүний нөөцийн зорилтын хүрээнд Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” бүтэн жилийн ажлаа дүгнэлээ. Удирдах ажилтны ажлын бүтээмж, манлайллыг дээшлүүлэн бодлого үйл ажиллагаанд үр дүнг нэвтрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, удирдах ажилтны залгамж халаа, нөөц ажилтан болон түлхүүр ажилтныг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч ажилтнууд шалгаран оролцсон юм. “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хэд хэдэн үндэслэл үйлдвэрийн газрын өмнө гарч ирсэн. Тухайлбал, 2017 онд үйлдвэрийн 1000 ажилтны дунд явуулсан байгууллагын соёлын судалгааны 40 гаруй хувийг удирдлагуудын манлайллын түвшин хангалттай бус гэсэн санал эзэлсэн байдаг. Мөн 2018 онд “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үеэр ажиллагсдын дунд судалгаа явуулахад нийт удирдах ажилтнуудын 81 хувьд нь манлайллын ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн үр дүн гарсан. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ойрын 5 жилийн төлөвлөгөөнд удирдах 100 ажилтны нөөц бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Эдгээр үндэслэл дээр тулгуурлан “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлэх болсныг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцлон тэмдэглэв. Төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулж, хөтөлбөрт 25 бүтцийн нэгжийн 72 анхан шатны удирдах ажилтныг хамруулжээ.
Хөтөлбөрийн явцад оролцогчид үйлдвэрийн хэмжээнд төрөл бүрийн судалгаа хийж, манлайллын олон удаагийн сургалтад хамрагдсанаар цаашид манлайллын түвшинг хэрхэн дээшлүүлж, ямар бодлого чиглэлтэй ажиллахаа тодорхойлсон байна. Мөн удирдлагын уян хатан байдал, арга барил, манлайллын үр дүнтэй байдал, зан чанарын төлөв, мэргэжлийн ур чадвар, бусдыг хөгжүүлэхэд өөрийгөө зориулах байдал зэрэг чиглэлээр судалгаа хийж, манлайллын олон талын түвшинг тогтоож, үүнийг Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогод тусган хэрэгжүүлэх баримт бичиг болгон боловсруулсан нь хөтөлбөрийн хамгийн том үр дүн байв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн газрын түлхүүр ажилтан болон түлхүүр албан тушаалд ажиллах боломжтой ажилтныг илрүүлэх, үнэлэх, бэлтгэх, авьяас чадварын болон ур чадварын сан бүрдүүлэх, тэдгээр ажилтнуудыг тогтоон барих, залгамжлагч нарыг системтэй бэлтгэх зэрэг бодлогын үйл явцыг тусгасан байна. Манлайлагч ажилтнууд бүтэн жилийн хугацаанд ямар чадвар эзэмшиж, хэрхэн мэдлэг оюунаа цэнэглэж, хувь хүний хөгжлийн шат ахисан тухай сэтгэгдлээ хуваалцаж, төслийн ахлагч Д.Дашдорж багийн гишүүдийн хамт хүний нөөцийн манлайлал, авьяас чадварыг хөгжүүлэх бодлогын баримт бичгээ үйлдвэрийн удирдлагад гардуулж өглөө.
Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн баг бүрэлдэхүүн, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнд сэтгэл өндөр буйгаа илэрхийлсэн. Тэрээр “Бидэнд гардуулж өгсөн бодлогын баримт бичгийг бэлэгшээж, хүлээн авч байна. Бодлогын бичиг баримт бол чухал зүйл. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр бид олон шинэ ажлын ард гарна. Шинэ амжилтуудын эзэн болно. Тэр утгаар нь бэлгэшээж, том бэлэг хэмээн ойлгож байна. Тиймээс үйлдвэрийн удирдлагын зүгээс энэхүү бодлогын баримт бичгийг нягтлан судалж, улам боловсронгүй болгон баталж, үе шаттай төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэж байгаагаа” дуулгасан юм. Эцэст нь цар тахлын амаргүй цаг үед хичээн зүтгэж буй уурхайчид, хамт олондоо хөтөлбөрт оролцогчдоор дамжуулан ажлын амжилт хүсэн ерөөлөө.