Монгол Улсын хэмжээнд ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчдаа халдвараас хамгаалах, эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх зорилго төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлэл өглөө.
-Цар тахлаас үүдэн үүссэн санхүү эдийн засгийн хямралыг даван туулахад Эрдэнэт үйлдвэр хувь нэмрээ оруулж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эрчим хүч, усны хэрэглээний төлбөрийг даахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, хичнээн төгрөг уг төлбөрт бүрдүүлээд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 211 тоот тогтоолоор улс орны хэмжээнд үүссэн “ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлын үед ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор тэдний цахилгаан дулаан, уур ус, хог хаягдлын төлбөрийг энэ оны 7 сар хүртэл төр хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл, эрчим хүч, усны хэрэглээний нийт 650 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олонд өгсөн. Тиймээс бид Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, манай үйлдвэрийн хамт олон 364.8 тэрбум төгрөгийг дээрх зардалд төвлөрүүлээд байна. Цаашид 7 дугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэг санхүү мөнгөний гачигдал, хямралгүй байх боломжийг бүрдүүлэх зохион байгуулалт хийн ажиллаж байна.
-Цар тахлын үед ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?
-Коронавирусын цар тахал дэлхий дахин төдийгүй Монгол улс, Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч том сорилт болж байна. 2020 оноос дэлхий нийтэд тархаж эхэлсэн цар тахлын үед хэрхэн ажиллах бэлтгэлийг эхнээс нь хангаж ажиллаж байгаа. Үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээр ахлуулсан Төв штаб, чиглэл хариуцсан орлогч нар хариуцсан Дэд штабын зохион байгуулалт хийж, цар тахлын хүнд үеийг эрсдэл багатай даван туулахаар, уурхайчид болон тэдний ар гэрийг хамгаалах, урьдчилан сэргийлэх өндөр бэлтгэлтэй байж, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цар тахлын болоод дараах эдийн засаг сэргэх үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Манай үйлдвэрийн хамт олон энэ үед улс орны өмнө хүлээсэн үүрэг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэх нь зүйтэй. 2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-143 хувиар биелүүллээ. Үүний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч төлөвлөгөөнөөс давж биелсэн. Тухайлбал, борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биеллээ. Нэгдүгээр улирлын байдлаар, улс орон нутгийн төсөвт 149 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэр уурхайчдаа хэрхэн дархлаажуулж байна, явц ямар байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ажилтнуудыг дархлаажуулах талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирлын санал хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгойлон авч үзэж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинийг нийлүүлсэн. Ингэснээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой нийт ажилтнуудаа бүрэн хамрууллаа. Мэдээж, вакцинжуулах үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр, тухайн ажилтны эрүүл мэндийн нөхцөл байдалд нь тохируулж хамруулах бодлого барьж, эхний тунгийн дархлаажуулалтыг зохион байгуулсан. Хоёр дахь тунгийн вакцины захиалгыг хүргүүлсэн байгаа. Дархлаа тогтох хугацаа болсны дараа хоёр дахь тунд уурхайчидаа хамруулахаар бэлтгэл хангаж байна. Энэ дашрамд, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид, хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.