өдөр
шөнө
×

Д.Амартүвшин: Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ

"Андлалын өргөө" цогцолборын талаар комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан “Андлалын өргөө” цогцолборыг нураалаа. Та уг цогцолборыг нураахаас өмнө очиж танилцсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэр газрыг цогцолбор гэж хэлэхэд үнэхээр хэцүү газар байсан л даа. Бүтээн байгуулалтын ажил нь дутуу хагас хийгдчихсэн байсан болоод ч тэр үү цогцолбор гэхээс илүүтэй балгас шиг байсан гэдгийг шуудхан хэлчихье. Миний хувьд Өрөг.mn сайтад өнгөрөгч оны буюу 2020 оны наймдугаар сарын 11-нд нийтлэгдсэн сурвалжлагыг уншсан. Тухайн үед гүйцэтгэгч компанийн зүгээс дараа жилийн өдийд уг цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусна гэсэн байсан. Тийм учраас тэдний хэлснээр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дууссан эсэхийг нь очиж үзэхээр явсан л даа. Гэтэл жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл нь шат барьж, андлалын хөшөөнийхөө доор авто зогсоол барьсан байна лээ. Ашиглалтад орох нь бүү хэл эхнээсээ барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажил нь эвдрээд, нурчихсан байсан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ төслийг санаачлахдаа 400 сая жуулчин хүлээж авах боломжтой гэж ярьж байсан л даа. Олон сая жуулчин очиж үзэх хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдэж үү?

-Ер нь бол тийм боломж байхгүй шүү дээ. Дэлхийд жуулчдын тоогоороо тэргүүлэгч Франц улс гэхэд жилдээ ойролцоогоор 70 сая жуулчин хүлээж авдаг. Мөн дэлхийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн Таж Махалд жилдээ ойролцоогоор 1.7 сая жуулчин очдог гэсэн статистик мэдээ бий. Гэтэл манай Ерөнхий сайд тухайн үед санаандаа орсон тоогоо л хэлчихсэн юм шиг байна лээ. Жилдээ 400 сая жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй. Хэрэв та нар санаж байгаа бол 2016 онд манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Гэтэл нэг сая ч хүрэхгүй жуулчин ирэхэд нисэх онгоцны буудал, зочид буудал, зоогийн газрууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн шүү дээ.

Үнэндээ “Андлалын өргөө” цогцолборыг 400 сая жуулчин байтугай 40 хүн очиж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй л юм билээ. Улаанбаатар хотоос 08:00 цаг орчимд гараад 7-8 цаг засмал болон шороон замаар явсаар хүрсэн. Үүний үр дүнд тийм л балгас үзсэн. Хэнтий аймгийн Батноров сум руу олон километр засмал зам тавьж байна.

Бодвол жилд ирэх 400 сая жуулнаа аятайхан замаар зорчуулахыг хүссэн байх. Манайд нэг километр замыг дунджаар тэрбум төгрөгөөр тавьдаг. Гэтэл 100 гаруй километр зам тавьж байгаа гэж бодоход л 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна “Андлалын өргөө” цогцолбор руу олон километрийн цаанаас өндөр хүчдэлийн шугам татсан байна лээ. Ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн шугам татсан байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол хөшөө босгох 1.9 тэрбумаар тогтохгүй хөрөнгө оруулалт шаардсан ажил болсон.

-Андлалын хөшөөг нураачихлаа. Төрөөс олгосон 1.9 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч байгууллага нь эргүүлэн төлчихлөө. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би наад асуудлыг чинь бүр гайхаад байгаа юм. 1.9 тэрбум төгрөг гэдэг бол их хэмжээний мөнгө шүү дээ. Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг томоохон компаниуд ч ийм хэмжээний мөнгийг зүгээр л гаргаад өгчихгүй. Гэтэл "Андлалын өргөө" цогцолборыг барьсан “Хос санаа” гэгч компанийн удирдлагууд өөрсдийнхөө мөнгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн гэсэн үг шүү дээ. Тэд улсаас санхүүжсэн 1.9 тэрбум төгрөгөөрөө хэдий нь барилгаа барьчихсан байсан. Гэтэл 1.9 тэрбум төгрөг нь хог шороо болж байхад ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахгүйгээр шууд л төлчихнө гэдэг бол гайхамшиг. Ийм тохиолдол дэлхийд ч байхгүй байх. Бид 190 мянган төгрөг 1.900.000, тэр бүү хэл 19 сая төгрөгний асуудал яриагүй шүү дээ. Гэтэл ямар ч маргаан мэтгэлцээн байхгүйгээр шууд 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэр тусмаа БОАЖ-ын сайдыг хэвлэлийн бага хурал хийхээс 30 минутын өмнө шилжүүлсэн нь тавилттай жүжиг шиг санагдаад байгаа юм. Ямар ч чадалтай бизнес эрхлэгч, эрүүл ухаантай хүн 1.9 тэрбум төгрөгөөр шатахыг хүсэхгүй. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хос санаа” компани татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлж,иргэдийг хохиролгүй болголоо гэж мэдээллээд байгаа. Иргэд ч бид хохиролгүй болчихсон юм чинь гэсэн байдлаар энэ асуудал ингэсгээд намжих гэж байх шиг байна. Миний бодлоор асуудал одоо л эхэлж байна. Яагаад энэ компани ийм хурдан эргэн төлөлт хийв, шууд 1.9 тэрбум төгрөг гаргаад өгчих хэмжээний санхүүгийн чадамжтай компани юм уу, дүрмийн сан нь хэдэн төгрөг юм, жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг үргэлжлүүлэн шалгаасай гэж бодож байна. Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Энэ компанийн цаана нөлөө бүхий улстөрчид байхыг үгүйсгэхгүй.

-Уг цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн Хос санаа компанийг тендер зарлаад сонгон шалгаруулсан байх л даа. Тэгэхээр сонгон шалгаруулалтаа сайн хийгээгүй эрх бүхий албан тушаалтнуудад ч хариуцлага тооцдог систем уг нь ажиллах ёстой байх л даа?

-Тийм шүү дээ. Хэрэв үнэхээр таны хэлж байгаа шиг хариуцлага алдаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлж, хариуцлагагүй компани сонгон шалгаруулсан албан тушаалтнуудад шат шатандаа хариуцлага тооцдог систем үйлчилдэг бол хичнээн сайхан бэ. Ер нь ажиглаад байхад улстөрчид бүтээн байгуулалтын ажил хийх гэж их “тэчъяаддаг” юм байна. Улс орны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад нэг их мөнгө, хөрөнгө зарахгүйгээр менежмэнтийн аргаар хийж болох зүйлд анхаарал хандуулж, ажил хэрэг болгож, хууль эрх зүйн орчноо сайжруулъя гэхээс илүүтэй зам, гүүр тавих, байшин барилга, хөшөө барих ажилд Ерөнхий сайдаасаа авахуулаад УИХ-ын гишүүд, дүүргийн дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд хошуураад байна л даа. Бүтээн байгуулалтын цаана юу байна гэхээр мөнгө л байгаа.

Мөнгө байна гэдэг түүний цаана ашиг сонирхол байна гэсэн үг. Тиймээс улстөрчид өөрсдийн танил тал, найз нөхөд, хамаарал бүхий компаниудаа бүтээн байгуулалтын ажилд томилох замаар төсвийн мөнгөнөөс идэж уудаг асуудал хавтгайрчихсан. Түүний нэг бодит жишээ "Андлалын өргөө" цогцолборын асуудал шүү дээ. Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ. Энэ зүгээр нэг хөшөө бариад нураасан асуудал огтоос биш. Тэр цогцолборын эргэн тойронд хийсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хоёр тэрбумаар тогтохгүй. “Хос санаа” гэх компани өмнө нь барилга барьж байсан ямар ч туршлагагүй, түүхгүй компани юм билээ. Тэгвэл яаж тендерт шалгарсан байх вэ. Бодох л асуудал шүү дээ.

-Улс орнуудын аялал жуулчлалын хөгжилд хөшөө дурсгал ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

-Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудыг харахад хамгийн гол нь үйлчилгээний салбар байдаг. Хэдэн зуун километр газрыг автомашинаар туулаад очиход боловсон нойл, аятайхан хоолны газар, интертайнмент үзүүлбэр байхгүйгээр зүгээр нэг хөшөө үзээд яах юм бэ. Би хэдэн зуун мянганы түүхтэй түүхийн дурсгалт барилгуудын талаар яриагүй шүү. Орчин үед бүх үйлчилгээг цогцлоож чадсан газар л аялал жуулчлал хөгжиж байна. Ингэхдээ төр хэзээ ч түүнийг нь хийдэггүй. Төр нь аялал жуулчлалын цогцолбор, хөшөө барьдаг улс орон дэлхийд ховор. Үргэлж хувиараа бизнес эрхлэгч, ААН-үүд энэ салбараа авч явдаг юм байна. Манай улсын аялал жуулчлалын салбарт хувиараа бизнес эрхлэгчид маш том хувь нэмэр оруулж байгаа.

Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн стандартад нийцэхүйц зочид буудлууд, амралтын баазууд бий болж сүүлдээ бүр аялалууд нь төрөлжөөд эхэллээ. Төр оролцсон оролцоогүй энэ салбар хөгжиж байна. Гэтэл төр нэмэр болохоосоо нэрмээс болж "Андлалын хөшөө" ч гэх шиг хэн ч очиж үзэхгүй хөгийн юм барихаа л больчих. Зах зээлийн ямар ч мэдрэмж алга. Тиймээс аялал жуучлалын салбарыг дэмжих гэж байна гэж холион бантанг нь хутгахаас илүү зүгээр л зөнд нь орхичих. Бүтээн байгуулалт нэрийн дор төсвийн мөнгөнөөс хумсалдгаа л больчих улстөрчид өө. Энэ тэнд нохой, тэмээ, хөшөө, хаалга барьдаг хөгийн үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлье.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top