Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргаад байна. Энэхүү дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм. Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи бөгөөд баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй болно.
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжны хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үед ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулж, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа. Түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг нийтлэг жишиг болно.
Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулахад тогтмол анхааран ажиллаж байна.
2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж
2019 онд 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож,
2020 онд 100, 500, 1,000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэйгээр шинэчлэн сайжруулав.
Эх сурвалж: Монголбанк