өдөр
шөнө
×

Д.Ганзоригийн суудал “ганхав” уу

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томилж байв. Д.Ганзоригийн Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллах томилолтын хугацаа нь зургаан жил байх заалт хуульд бий. Үндсэн хуулийн 51.2-т “...Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Гэхдээ Д.Ганзориг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа бууж магадгүй болжээ. Ийм мэдээлэл улс төр, хууль хяналтынхны дунд яригдаад удаж байна. Үүнд долоон сарын өмнө батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлт ч хамаатай.

Уг нь Д.Ганзориг дөнгөж томилогдоод “...Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг үндсэн агуулга, зарчмаар нь хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, шүүхийн дотоодод шударга, ардчилсан байдлыг хангахаас ажлаа эхэлнэ. Цаашдаа шүүн таслах ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдалд хуулийн хүрээнд хариуцлага тооцох зарчмаар ажиллана.   Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хаших болно” гэж байв.

Гэвч түүнийг Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсноос хойш шүүх байгууллага логик зөрчил ихтэй бодлого, шийдвэрийг гаргадаг болжээ.

Ганцхан жишээ гэхэд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Ганзориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсоны дараахнаас улстөрчдийг бөөн бөөнөөр нь баривчилсан. Сонгуульд нэр дэвшигчид ч олноороо цагдан хоригдож байв.

Тэр үеэр Монголын шүүх, ер нь дэлхийн шүүхийн практикт байгаагүй асар өндөр хэмжээний барьцаа шаардсан. Хэрэв шүүхийн нэхсэн барьцааг өгөхгүй бол баривчилж хорьж байв. С.Баяраас таван тэрбум, С.Баярцогтоос 10 тэрбум, Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөг гэхчлэн их хэмжээний мөнгөн дүнтэй барьцаа шаардсан шийдвэрүүдийг гаргаж байсан юм. Үүнийг төлөөгүй яллагдагчид цагдан хоригдож, яг жилийн өмнө анхан шатны шүүхүүд ээлж дараалан ялласан.

Харин жилийн дараа, өнөөдөр энэ хүмүүсийн олонх нь суллагдсан. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр Дээд шүүх дээр “унаж”, хорих ял нь багасах замаар суллагдацгааж байгаа юм.

Асуудлын гол нь ял шийтгүүлж, өнөөдөр суллагдсан хүмүүст биш бөгөөд ийм нугалаа гаргасан шүүх буруутай гэж үзэгсэд олширсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Дээд шүүхийн шийдсэн зарим хүний хэргийн шийдвэрт “но” орсон бололтой. Барим тавим факт яригдаад эхэлсэн байна.

Ийм байдлаар ажлаа эхэлж, өнөөдөр үргэлжлүүлж буй Д.Ганзоригийг цаашид ажил үүргээ шинэ хуульд нийцүүлж гүйцэтгэнэ гэдэгт шийдвэр гаргах түвшний хүмүүс итгэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн суудал “ганхаж” эхэллээ.

Тиймээс Дээд шүүхийн дараагийн ерөнхий шүүгчид “нэр дэвшигчид” ч тодроод эхэлжээ. Тэгэхээр ирэх намраас шүүх байгууллага дээрээсээ эхлээд өөрчлөгдөх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top