өдөр
шөнө
×

Халдвар хамгааллын дэглэмээ "мартсан" иргэд "Нарантуул"-аар хөлхөж байна

Хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээх болсонтой холбогдуулж “Нарантуул” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Сар гаруйн хугацаанд эл хуль байсан худалдааны төв хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байв. “Дүнжингарав” худалдааны төв долоо хоног бүрийн даваа гаригт амардаг тул “Нарантуул”-аар үйлчлүүлэгчдийн тоог өсгөхөд нөлөөлсөн бололтой. Өмнө нь тус худалдааны төв рүү урд хаалгаар ороход зайгүй чигжсэн автомашин дундуур сүлжиж явахад хүндрэлтэй байдаг байсан бол хөл хорионы өдрүүдэд хашлага, хайс хийсэн нь зорчих хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгожээ. Захын төв хаалгаар ороход түм түжигнэж байна. Худалдаачид лангууны ард бараагаа дэлгэн суужээ. Дэлгүүрийн тэргэн дээр ундаа, жигнэмэг, кофе зэрэг бараа өрж, хажуу талаар нь төрөл бүрийн уут багцлан өлгөсөн хүмүүс худалдаачдад цаасан аягатай уух зүйлсээр үйлчилнэ. Мөн хажуугаар өнгөрөх хүмүүсээс “тор авах уу” хэмээн асуух аж. Түүнчлэн, лангуу хоорондын давчуухан зайд тэрэг түрж, “холдоорой” хэмээн орилон урагшлах залуус, хөөсөнцрөөр хийсэн болхидуухан саванд жимсний чанамлын шилэнд хоол хийж борлуулах эмэгтэйчүүд гээд өмнө нь захын уур амьсгал ямар байсан яг л тэр хэмнэл угтана.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

Цар тахал намжаагүй байгаа. Халдварын тоо өндөр байж, олон хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Иймд зах дээр худалдаачид, үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг хамгийн эхэнд анзаарсан юм.

Харамсалтай нь маск зүүснээс бусдаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа зүйл алга.

Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барих боломж алга. Хамгийн гол нь захаар хэсэг явахад маск зүүгээгүй цөөнгүй тохиолдолтой таарсан юм. Хүнд тэргэнд түүртсэн ачигч залуус маскаа тайлаад хаячихаж. Мөн олон хүний дунд маскгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Иргэдийн хувьд ч бараа бүтээгдэхүүн үзэхдээ ихэнх нь бээлий өмсөөгүй аж. Түүнчлэн, хүн хоорондын зай барих, маскаа хамар давуулж бүрэн гүйцэд зүүх, худалдагчтай зайнаас харьцах зэрэг халдвар хамгааллын наад захын дүрмийг биелүүлэх нь ховор байв. Лангуу тойрч худалдаа хийхэд харьцангуй эрсдэл багатай. Харин цайны газруудаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ихээхэн эрсдэлтэй харагдсан юм. Ихэнх цайны газрын үйлчилгээний заал давчуу зайтай. Энд 1.5-2 метрийн зай барьж суух боломж алга. Бүгд эгнэж суугаад хооллоно. Анхааруулах самбар, гар ариутгагч зэргийг тавьсан ч түүнийг хэрэглэж байгаа хүн харагдсангүй. Товчхондоо, худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир иргэд халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй үйлчлүүлэх шаардлагатай нь анзаарагдаж байв.

БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

Бид бэлэн хувцасны лангуунууд төвлөрсөн хэсгээр очлоо. Ихэвчлэн залуус хувцас сонирхон өмсөх аж. Ихэнх лангуу “Бүх хувцас 10000, 15000” гэх зэрэг самбар тавьж, ард нь хувцас өлгөжээ. Эдгээр нь зарж амжаагүй удсан хувцаснууд гэнэ. Зарим нь цас, борооны уснаас болж багахан шарласан аж. Хүүхдийн хувцасны лангуун дээр очив. Хүүхдийн гадуур хүрэм, гутал зэргийг эс тооцвол бусад хувцасны борлуулалт муу байгаа аж. Худалдагч Б хэмээх 30 орчим насны залуу өглөөнөөс хойш хоёр хослол, гурван хүрэм зарсан байна. Тэрбээр “Борлуулалт тааруухан байна. Хүмүүс зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлийг л худалдан авч байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстэй ярилцахад хүүхдээ хөдөө явуулах гээд хувцас авч байна, эсвэл сэлгээ гутал, цамц авахгүй бол өмнөх нь хуучирсан гэх зэргээр хэлдэг. Удахгүй Хүүхдийн баяр болох тул борлуулалт өсөх болов уу гэж найдаж байна. Манай бараа дандаа өмнө нь борлуулж амжаагүй үлдсэн хувцаснууд байгаа. Тийм болохоор үнэ нэмэхгүй, хямдхан өгчихдөг. Өглөөнөөс хойш 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ” хэмээн ярив. Түүнчлэн, “Нарантуул” худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн багагүй хэсгийг орон нутгийн иргэд эзэлдэг. Гэвч вакцинаас болж хөдөөний иргэд цөөн байгаа нь борлуулалтад нөлөөлж буйг хэлэв. Хэрэв зорчих хөдөлгөөн чөлөөтэй болоод ирвэл малчид, орон нутгийнхан түүхий эдээ тушаагаад санхүүгийн боломж харьцангуй өндөр болсон үе хэмээн хэлж байлаа. Цааш гуталны тасгаар оров. Борлуулалт мөн л муу хэмээн худалдаачид хэлж байлаа. Энэ нь ч илт аж. Үргэлжилсэн лангуугаар 20 шахам минут сүлжин явахад гутал сонирхож, өмсөж үзэж байгаа хүнтэй бараг таарсангүй. Мөн хивс, хивсэнцэр, хулдаас, гэр ахуйн бараа, сав суулга тэргүүтэй барааны лангуунуудаар орлоо. Гэр ахуйн жижиг бараа, хүүхдийн тоглоом, ахуйн бараанаас бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт тун бага байгааг худалдаачид хэлсэн юм. Худалдаачин Ж “Хүмүүс мөнгөгүй болсон байна. Манайх төрөл бүрийн сав суулга борлуулдаг. Уг нь зун болоход борлуулалт харьцангуй өсдөг юм. Гэвч өглөөнөөс хойш 10 литрийн ганц сав зарлаа” хэмээн ярив. Харин дугуйн худалдаа эрхлэгч Б чамгүй ажилтай сууж байлаа. Хоёр ч дугуйг сэлбэн засч, хажуугаар нь 280 мянган төгрөгөөр нэг дугуй худалдаалж орхив. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дугуйгаа сэлбэн засах, мөн шинэ дугуй авах гэсэн хүүхдүүд цөөнгүй байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ихэнх худалдаачдын хувьд үлдэгдэл бараагаа борлуулж байгааг хэлсэн. Түргэн гүйлгээтэй барааны хувьд эргэлт сайтай. Харин хивс, хулдаас, сав суулга зэрэг бараа борлуулалт багатай байсан учир урд хөршөөс нэмэлт татан авалт төдийлөн хийгээгүй аж. Иймд эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ. Харин эргэлт сайтай бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь өсчээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн төрөл бүрийн бараа орж байна. Хөл хорионы үед ачаа тээвэрт саатал гарч, тээврийн хөлсийг 30-40 юаниар бодож ачуулдаг байсан ачаа 100 хүртэл юань болж өсчээ. Уг ханшаар зайлшгүй шаардлагатай түргэн муудах хүнс болон манай улсад тасарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн гэнэ. Улмаар үнэ өсөх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан. Худалдаачин Б “Ямар ч байсан зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн нь сайн. Хөл хорионд орж, борлуулалт ч байхгүй, нэмээд өвчинд нэрвэгдээд сууж байснаас зах дээр гараад зогсож байвал бид бүхний хувьд учиртай. Хүмүүс ажил орлоготой болж байж худалдан авалт хийнэ. Энэ талаас нь төр дэмжээд өгмөөр байна. Үнэтэй брэнд дэлгүүрүүд ямар ч цаг үед орлого тасарна гэсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид нь тодорхой шүү дээ. Харин эдийн засаг хямрахад “Нарантуул”-ын худалдаачдад шууд нөлөөлж байна. Тэр тусмаа аяны хэрэгсэл зэрэг удаан борлуулалттай бараа бүр гүйхээ байсан. Хүнс бол зарагдаад л байна. Хүн эхлээд идэх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт үр дүнгээ өгөхгүй хөл хориогоо болиод одоо хүмүүсээ бодсон ажил хийгээч гээд дамжуулаад өгөөрэй, тэр томчуудад” хэмээн ярьсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top