Одоогоор ил болсон Монголын хамгийн том нүүрсний орд бол Тавантолгой юм. Энэ бүлэг ордын нэг хэсэг нь төрд, нөгөө нь хувийн хэвшлийн мэдэлд бий. Төрийн мэдэл дэх хэсгийг тогтвортой олборлож, нүүрсийг нь эскспортолж эхлээд арван жил болж байна. Эдийн засгийн хүндрэлийн энэ цаг үед ч “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан Тавантолгойн нүүрсний ашиг буяныг хотлоороо хүртэж суугаа нь үнэн юм.
Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний гар хөлүүд оролцсон “Нүүрсний гэрээ зуучилдаг” авлигын сүлжээ ажиллаж эхлээд бас л даруй 10 жил болчихжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний гэрээ, нүүрсний квот гэдэг нэр томъёогоор халхавчилсан, дагтаршиж хуршсан авлигын бүлэглэл Монголд бий болоод удлаа.
Нүүрсний гэрээний тонн тутмаас 1.5-2 ам.долларын ашиг буюу авлига хүртдэг. Түүнийгээ 50 цент хүртэл хуваадаг байна.
Өнгөрсөн жилүүдэд хийсэн нүүрс худалдах гэрээ, түүгээр дамжуулан экспортолсон нүүрсний хэмжээг энэ мөнгөтэй харьцуулж тооцоод үзвэл авлигын хэмжээ хэдэн тэрбум ам.доллар болох бол?!
Ингэж тэд Тавантолгойн ордын төрийн мэдлийн уурхайг “авлигын уурхай” болгож ашиглаж ирсэн.
Хамгийн хачин нь ийм сүлжээ, хүмүүс байдаг гэдгийг Монголд бүгд мэднэ. Хаанахын ямар компаниас, хэн хэн, хэзээ, хэдэн долларын “ёндоо” авсан, авч байгаа, авах вэ гэдгийг бүгд мэддэг. Манайхан “нүүрсчид” гэж нэрлэдэг хүмүүс бий. Орд тойрсон бизнесүүдтэй холбогдсон хүмүүсийг тэгж хэлээд байдаг. Тэгвэл жинхэнэ “нүүрсчид” бол нүүрсний гэрээнээс авлига авдаг сүлжээнийхэн юм.
Энэ нүүрсний наймаачдын талаар Төрийн ордонд ч, гудамжинд ч ярьж л байдаг.
Гэхдээ энэ хууль бус үйл ажиллагаатай холбоотой бараг нэг ч хэрэг шүүх хуулийн байгууллагаар шийдэгдэж, нэг ч хүн шийтгэгдэж байгаагүй гэхэд болно. Гэвч нууц юм гэж байдаггүй. Нэг л өдөр ил болдог ажээ.
Нүүрсний гэрээний сүлжээний авлигачдад очдог мөнгө Монголоос ургадаггүй. Гадаадын улсуудаас, тэр дундаа голдуу өмнөд хөршөөс орж ирдэг. Тэдгээр улсын эдийн засаг, мөнгөний урсгалын хараа хяналт маш чанга гэдгийг манай авлигачид тооцоолж байгаагүй бололтой. Мөнгө яаж Монгол руу орсон, хэн гэдэг монгол хүнд очсон, эсхүл “монгол хүн” маань авлигын мөнгөө тэдгээр улсаас цаашаа яаж гаргасан гээд бүгд бүртгэгддэг аж. Нэг ам.долларынхаа “хөдөлгөөн”-ийг ч тэд мэддэг юм байна.
Ер нь бол тэдгээр улсын хувьд нүүрс худалдан авах нь чухал байжээ. Тэгэхээр монголчуудын өөрсдөө тоодоггүй, нүүрс борлуулдаг нэгэнт бий болчихсон “тогтолцоо”-г дагасаар ирсэн байгаа юм.
Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид тун удахгүй “нүүрсчид”-ийн 10 жилийн авлигын баримтыг дэлгэхээр боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ