Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагддаг ба тавдугаар сарын 10-14-ны хооронд болох “Татвар төлөгчдийн өдрүүд-2021” арга хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газраас Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай хамтран “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд Татвар төлөгчөө сонсоё цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.
Татварын багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор мэргэшсэн нягтлан бодогчдын төлөөллийн санал бодлыг цахим хэлэлцүүлгээрээ сонсохыг зорилоо. Уг хэлэлцүүлгийн үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд орсон гол гол өөрчлөлт, тухайн өөрчлөлттэй холбоотой тоон мэдээний хэсгээс танилцуулав.
Татварын хувь хэмжээ- Татвар ногдох орлогоос хамаарч ялгаатай хувь хэмжээгээр татвар төлдөг болсон. Тайлант жилийн борлуулалтын орлого 300 сая хүртэл, хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 1 хувиар, бусад аж ахуйн нэгжийн хувь 10 болон 25 хувиар татвар төлөх бөгөөд 25 хувиар албан татвар ногдуулах босгыг 6,0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Тайлагнал- Татвар ногдуулах орлого нь 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа тайлан гаргах, бусад аж ахуйн нэгжийн хувь жилд 1-2 удаа тайлан гаргахаар хуульд өөрчлөлт орж тайлагналын тоо буурсан. Өнгөрсөн онд ердөө 105 ААН жилд дөрвөн удаа тайлан гаргасан бол үлдсэн 194,9 гаруй мянган ААН жилд 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчдийн цаг завыг хэмнэжээ. 50 сая төгрөг хүртэлх үйл ажиллагааны орлоготой аж ахуйн нэгж харьяалах татварын албандаа хүсэлт гарган бүртгүүлж жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргах боломжтой бөгөөд 2021 онд хялбаршуулсан горимоор тайлан өгөх 7 165 хүсэлтээ гаргаад байна.
ААНОАТ-ын тухай хуулийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжийг нэмэгдүүлсэн ба 4112 татвар төлөгч 1 137.1 тэрбум төгрөгийн орлого чөлөөлж, 1 016 татвар төлөгч 11,5 тэрбум төгрөгийн албан татварн хөнгөлөлтийг эдэлсэн байна. Мөн МУЗГ-аас COVID 19 цар тахалын үед эдийн засгаа дэмжиж, ажлын байраа хадгалах зорилгоор ААНОАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль батлагдаж хуулийн дагуу түрээсийн төлбөрөө бууруулсан 122 татвар төлөгч 2,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, 17 300 татвар төлөгч 124.6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн байна.
Аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд татвараа хуульд заасан хугацаанд төлж эрхээ эдлэх шаардлагатайг татвар төлөгчдөдөө анхаарууллаа.