өдөр
шөнө
×

Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах эрхийг хамгаалахын төлөө нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, хүн ёсны харилцааг баталгаажуулахын тулд Та бүхний даван туулж буй олон олон саад бэрхшээл, халширч шантрахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж буй итгэл найдварт зориулагдсан их хүндэтгэл юм.

Тиймээс ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувиар их хотын хөгжилд оруулж буй Та бүхний хувь нэмэрт дахин талархал илэрхийлээд орчин цагийн хотын хөгжлийг цогцлоон бүтээх их үйлсэд хамтран ажиллахыг урья. Учир нь, хотын хөгжил гэдэг хүний эрх, амьдрах эрхийн баталгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгдэж буй бүх бүтээн байгуулалт улаанбаатарчуудын маань эрх ашгийн төлөө, улаанбаатарчуудын маань ая тухтай, аюулгүй амьдралын төлөө зориулагдах ёстой юм.
Үүнд эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхэн минь хяналт тавьж, алдаа дутагдал бүрд минь нүд чих болж, сайн сайхан болгонд урам зориг өгч гэмээн улаанбаатарчууддаа ээлтэй ШИНЭ УЛААНБААТАР ХОТыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр Та бүхнээсээ хүсэх хотын хүсэл бөгөөд дашрамд нь хараат бус, бие даасан сэтгүүл зүйн үнэнд хааяа алгадуулж, хааяа зэмлүүлж, хааяа зөвлөлдөж яваа улстөрчийн хувьд хэзээд сэтгүүлчдийн хөдөлмөрийг үгүйсгэх, хүчгүйдүүлэх, “өшиглөх” үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлье. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан та бүгдийн хэвлэн нийтлэх үйл хэрэгт дэлхийн бусад сэтгүүлчийн нэгэн адил багагүй хохирол учирч, саад бэрхшээл тохиож буй ч хүнд, хэцүү цаг үеийг хичээнгүйлэн даван туулахыг хүсье. Учир нь, энэ бол бид бүхний, хүн нэг бүрийн хамтдаа даван туулах дэлхий нийтийн бэрхшээл бөгөөд ковидгүй зуны өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамжнаа хотын хөгжлийг хэлэлцэн ярилцах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилъя.

Тэр цагт нийгмийн үнэт зүйлийг түүчээлэгч, хамгаалагч болсон сэтгүүлчид Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллаж, шударга, үнэн сэтгүүл зүйн дэмжигч, хэвлэлийн эрх, эрх чөлөөний хамгаалагч нь байх болно оо. Иймд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье.

Үзэг тань хурц, үг тань мэргэн байг ээ.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top