“Орхон” их сургуульд багш, МӨХ-нд өмгөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хуулийн зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, тус дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болов. Энэ бүрэн эрхийнхээ сүүлийн нэг жилд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллажээ.
Тэрбээр 2020 оны УИХ-ын дахин нэр дэвшээд сонгогдлоо. Тэгээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр дахь Засгийн газрынх нь ХЗДХ-ийн сайдаар томилогдов.
Улмаар 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр У.Хүрэлсүх огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоход ХЗДХ-ийн сайдаар улирч үлдэв.
Х.Нямбаатарын ажлын “маршрут”-ыг товчилбол энэ. Өгссөөр яваад өнөөг хүрчээ.
Тэр бол эхний бүрэн эрхийнхээ үед “шударга тав” гэгдсэн таван гишүүний нэг болж явсан. Энэ үедээ гайгүй сайн популист болсон. Үүнээс гадна Зөрчлийн хуулиас Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэлх бүхий л хуульд гарч бие оролцсон. Тэгэхдээ голлож шүү. Тэр аагаараа хамаагүй ярьж хэлж байж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид “...Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж загнуулж байлаа. Ц.Нямдорж үүнийг амь биеийн үхэлтэй холбоотой хэлээгүй нь лавтай. Дээр хэлсэн “поп”-той нь холбоотой байх л даа. Тийм л учраас АН-ын харьяат ангийн нэг нөхөр нь түүнд “төлгөн коммунист” гэдэг хоч хайрлаж байв шүү.
Мань эр бас “олз”-ны дэргэдүүр зүгээр өнгөрөхгүй. Гишүүдийн жишгээр ЖДҮ хусчихсан. Баримттайгаа, яриа хөөрөөтэйгээ байдаг. Улайхгүй байсаар дуулианы ард гарсан зүрхтэй эр.
Гэхдээ Х.Нямбаатарыг магтъя гэвэл тэр шүгэл үлээдэг байсан. Хэдийгээр өөрөө нотлоогүй ч телевизийн ярилцлагад орж, дансандаа тэрбум төгрөгтэй шүүгчийн тухай ярьсан. Өөр олон сэдэв бий л дээ.
Тэр одоо улам том сэдвүүдээр ярьдаг болсон. УИХ-аар орж байгаа олонх хуульд ХЗДХ-ийн сайдын хувьд оролцоно. Сүүлд Шүүхийн тухай хуулийг дээр доороо оролцож байж хамгаалж гарна лээ. Бас тэр Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн даргаар томилогдоод ажиллаж байна. Албан ёсоор Х.Нямбаатар нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн дарга юм.
“Рио Тинто”-г төлөөлж Монголдоо ирсэн Б.Болд нартай хоёр ч удаа уулзаж, хэлэлцлээ. Одоогоор яг тодорхой шийдэлд хүрсэн юм бол байхгүй. Гэвч ард түмэн энэ ажлын хэсэгт найдлага тавьж, горьдлого тээгээд л харж байна. Х.Нямбаатар өөрөө ч бас тийм л байдалтай байгаа дуулддаг.
Дээрээс нь ХЗДХ-ийн сайдын хувьд Архивын ерөнхий газар, ГИХГ, Оюуны өмчийн газар, УБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ, нэмээд ДХИС, ТТАХНЭ, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, “Цагаан шонхор” ТӨҮГ, “Монгол тамга” ТӨҮГ-ыг хариуцна. Энэ байгууллагуудынх нь заримд цар тахлын халдвар илрээд хэцүүдсэн. Бас хил дээр цэрэг амиа алддаг явдал байсгээд л гардаг болов. Тасрахгүй байна. Х.Нямбаатар ийм л их ажилтай хүн.
Тэгтэл “...Будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг Х.Нямбаатар хэд хоногийн өмнө хотын хөдөлгөөнийг зохицуулагч болоод гарч ирэв. Хоёр дахь хөл хорионы Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах ажлын хэсгийн ахлагчаар Х.Нямбаатарыг томилчихжээ. Тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, өөрөө зарлагч хийгээд сүйд. Ерөнхий сайд нь уу, Шадар сайд нь уу, хэн нэг нь Х.Нямбаатарыг энэ хөл хорионы үеэр QR код олгодог ажлын хэсгийн дарга болгочихсон. Энэ нь ч яахав, төрийн томилгоо гэж тайлбарлах биз.
Гэвч энэ “томилгоо” их шог үзэгдлээ. ХЗДХ-ийн сайд хүн ингээд хотын замын хөдөлгөөн зохицуулаад сууж байж болох уу. Үүнийг хариуцсан Нийслэлийн онцгой комисс /НОК/ гээд том бүтэц ажиллаж байна шүү дээ. Өмнөхөө яая гэсэн хүнээр өрөөлийн ажлыг хийлгээд байх нь зөв хуваарилалт мөн үү. Заавал сайд хүн энэ ажлын хэсгийг даргалах ёстой юм бол Зам, тээврийн сайд Л.Халтар хаачсан бэ.
“Сум”-тай хүмүүс мэднэ дээ. Ямар ч суманд юм болгонд оролцоод явдаг хүн байдаг. Суманд болж байгаа урлаг уран сайхнаас эхлээд төрийн хэрэг, тэр ч байтугай оршуулга хүртэл таслалгүй оролцдог хүн байдаг даа. Х.Нямбаатар сайдыг тийм л болгож байгаа юм.
Энэ хүн дээр хэлсэнчлэн хийх ажил ихтэй. Оюутолгойн гэрээ юу болсон, Т.Чимгээг суллах яасан ийсэн, цэрэг амиа алдсан нь юунаас болчихсон гээд анхаарч тогтох ажил нь ар араасаа оочертой баймаар юм.
Ер нь Х.Нямбаатар сайд хөл хорионы энэ үеэр тийм их завтай байгаа бол Оюутолгойн гэрээг бүтнээр нь нэг сайн уншчих хэрэгтэй. “...Оюутолгойн олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй” гээд л Баабар загнаад хэдэн жил боллоо. “...Би уншчихсан шүү” гээд гарч ирээд сайхан хэрэлд л дээ. “Рио Тинто”-гийнхонтой ярихад ч амар шүү дээ. Яагаад гэвэл Х.Нямбаатар маш чухал асуудлаар улсын хувь заяаг шийдэх үүрэг хүлээсэн. Бидэнд Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр дахиж “Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж боломж олдох уу. Үгүй л болов уу даа. Тэгэхээр ганц боломж нь энэ юм шүү!!!
Ингэхээр л Х.Нямбаатарыг тойроод яривал ажил нь ихдээд, томдоод байгаа ч юм шиг болчихоод байгаа юм. Гэтэл засаг төрийн ямар л ажил гарна, түүнд Х.Нямбаатар хавчуулагдчихсан тууж явдаг. Энд ч Х.Нямбаатар, тэнд ч Х.Нямбаатар л ажлын хэсэг ахлаад, багтаад явж байх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин