өдөр
шөнө
×

Түшээдийн ширээнд “түгжигдсэн” бэлгийн дарамтын бодит кейсүүд

Ажлын байран дахь бэлгийн дарамт далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнээс болж хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог хэрнээ бодит үр дүн гарахуйц бодлого, шийдвэр бүрхэг явж ирлээ. Уг нь хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг арваад жил ярьж, шийдвэр гаргагчдад шахалт шаардлага тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад 2012 онд Жендерийн эрх тэгш байдлын хууль батлагдсанаас хойш ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах эрх нээгдсэн байдаг. Тэр ч утгаараа ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлүүдээрээ өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг ухаж төнхөж, суурь судалгаатай нь гаргаж ирж  Их хурал, шийдвэр гаргагчдын “чихнээс” хонх уяж ирсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа "Зууны мэдээ" сонин ажлын байрны бэлгийн дарамттай асуудлыг олон удаа нийтлэл, сурвалжлагаараа хөндөж ирсэн. Гэвч бодит байдлыг уншиж судалдаг, асуудал болгож гарц шийдэл ярьдаг нь даанч цөөхөн. Тэгсэн хэрнээ сенсаци гарахаар дагаж намирдаг, хэрэгжүүлэгч байгууллагууд руу буруугаа бухдаг жишиг тогтсон нь харамсалтай.

Ажлын байрны бэлгийн дарамт хаана эрх мэдэл байна тэнд үйлдэгддэгээрээ онцлогтой. Тэр утгаараа эрх мэдэлтнүүд мэдсэн хэрнээ мэлзээд өнгөрдөг биз. Анх Жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулийг батлахын тулд Их хурлын гишүүд, сайд, дарга нарыг гадагшаа явуулж энэ чиглэлээр сургалтад суулгасан юм гэдэг. Даанч ирээд хүмүүст хэлж ярих нь битгий хэл сурсан эрдмээ тэр чигт нь “залгиад” үлдсэнийг олон улсын байгууллагууд одоо ч гайхаж толгой сэгсэрдэг инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг яриа бий.

ХЭҮК ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг нарийн судалж  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлдээ тусгай бүлэг болгон тусгаж 2019 оны хавар парламентад өргөн барьж байв. Хэрэв төрийн түшээд нэг удаа анзаарч харсан бол өнөөдөр дээр, дооргүй шүүмжилж шуураад байгаа ажлын байрны бэлгийн дарамт, цэргийн байгууллагын зөрчил гээд бүгд өөрсдийнх нь ширээн дээр бэлэн сурах бичиг болгоод тараасан. Гэвч хэн нь ч сөхөж харж ач холбогдол өгөхгүйгээр ширээн дээрээ “түгжсэн”-ээс болоод шуугиан гарах болгонд шинэ сэдэв мэт хандаж хүний эрхийг хамгаалагчдын өмнө мэдлэггүй, мэдрэмжгүйгээ харуулдаг нь харамсалтай. Тухайлбал, ХЭҮК-оос ажлын байран дахь бэлгийн дарамт, дарамтаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрүүдийг тууштай авч хэрэгжүүлэхгүй байгаагаас хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, хүчирхийлэл үйлдэгч нь хуулийн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа талаар удаа дараа баримт, нотолгоотой бодит кейсийг илтгэлээрээ хүргэж байв. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлагыг хэрхэн тооцох нь тодорхойгүй, хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байгааг онцолж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн сангаас хийсэн цахим судалгаагаар Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан. Бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ.

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг нийтээрээ хэвшмэл ойлголт мэтээр хүлээн авдаг цаг үе өөрчлөгдөж байна. Тиймээс түшээд сейфэндээ “түгжигдсэн”  бэлгийн дарамтын бодит кейсүүдийг сөхөн харж бодлого журам гаргах цаг болсон байна.

КЕЙС-1

.....дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Чи халагдсан,  би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг  дарга С надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан.

/Комисст ирүүлсэн иргэн А-гийн гомдлоос/

КЕЙС-2

-“...Миний бие 2017 онд ... байгууллагад диспетчерээр ажилд орсон. Намайг шөнийн ээлжтэй үед ажил дээр ирж “хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж, гуя, нуруу илэх зэргээр миний биеийн эмзэг хэсэгт хүрэхэд нь намайг уурлаж дургүйцэхээр “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж, над руу нулимж доромжилдог. Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болгосон тул энэ асуудлаар байгууллагын удирдлага болон ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байна”.

/Иргэн Ү Комисст хандан гаргасан гомдолдоо/

КЕЙС-3

-Албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан юм. Тухайн үед Н дарга архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь даргаа би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 06:00 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ.

КЕЙС-4

-... байгууллагын ажилтан Б, түүний эхнэр Т нар  хамт ажилладаг бөгөөд  дарга Н шөнийн 03:00 цагийн үед эхнэр Т руу нь “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессеж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож, цагдаагийн байгууллагад шалгагдсан” гэжээ.

Комисст  ... байгууллагын эмэгтэй албан хаагчдаас ирсэн гомдол, мэдээллээс

КЕЙС-5

-Хууль, дүрэм, журам сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон.                                

.... их сургуулийн багш ажилтнуудтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс

КЕЙС-7

-2018 онд хүчингийн хэрэг гарч байсан. Хэрэгт холбогдсон этгээд одоо ажлаа үргэлжлүүлж хийгээд явж байгаа нь сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг. Ийм явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Ажлын байран дээр бэлгийн харьцаанд орж байсан, түүнийг нь мэдсэн хүмүүс байдаг ч арга хэмжээ авч байгаагүй. Дээрх шалтгаанаар ажлын бус цагаар ялангуяа, оройн цагаар сууж ажиллахад түгшүүртэй байдаг. 

...их сургуулийн багш, ажилтнуудтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс.

Харин ХЭҮК-оос хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлээ УИХ-д өргөн барьчихаад зүгээр суудаггүй. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шахаж шаардаж тогтоол гаргуулдаг. Тэрхүү тогтоолын хэрэгжилт бүрийг заалтаар нь нарийн задалж дүн шинжилгээ хийж хүргүүлдэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн талаар олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээж, дөрвөн жилд нэг удаа тайлангаа тавих ёстой. Гэвч энэ үүргээ хангалттай хэмжээнд биелүүлэх нь битгий хэл улам бүр умартаж байгааг хүний эрхийн байгууллагууд шүүмжилсээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top