өдөр
шөнө
×

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цар тахалтай хүнд үед хөдөлмөрчдийг төлөөлсөн МҮЭХ-ныхонтой уулзаж байна. Цаг үе амаргүй байгаа ч хотын удирдлагууд нийслэлчүүдийнхээ төлөө, хөдөлмөрчдийнхөө төлөө салбар бүрд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Та бүхний тавьж буй Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийгмийн салбарт ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ажиллагсдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн баталгаа, цаашлаад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хот өөрөө эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, ТҮК, хот байгуулалт зэрэг салбар бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн МҮЭХ-той хамтран олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллана. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах цогц арга хэмжээ, боловсролын салбарт чадварлаг багш бэлтгэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусгасныг дуулгалаа.

Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын төлөөлөл оролцож, салбар бүрд тулгамдаж буй асуудлаар саналаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top