өдөр
шөнө
×

Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаарт хандаж байгаа иргэдийн асуултад 98 хувьтай хариулт өгч байна

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас 1800-1200 тусгай дугаараас иргэд ямар лавлагаа, мэдээлэл түлхүү авч байгаа болон бусад зүйлийн талаар тодрууллаа.

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар болон “Нийслэлийн Мэдээ” пэйж хуудасны чатботоос иргэд ямар лавлагаа, мэдээлэл түлхүү авч байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас коронавирусийн үед иргэдэд мэдээ, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Энэ үүрэг, даалгаврын хүрээнд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар, мөн фэйсбүүк хуудасны “Нийслэлийн мэдээ” пэйж хуудасны чатбот 24 цагаар ажиллаж, мэдээ, мэдээллийг хүргэж байгаа. Сүүлийн долоо хоног буюу гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд иргэдийн нийт 1931 дуудлагад хариу өгч ажилласан. Дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, нэг иргэнтэй ярих дуудлагын дундаж хугацаа 1.30 минут байна. Мөн дээрх хугацаанд фэйсбүүк хуудасны “Нийслэлийн Мэдээ” пэйж хуудасны чатботод 185 иргэн хандсан. Эдгээрээс 102 иргэнд манай ажилтан холбогдох мэдээ, мэдээллийг өгсөн бол үлдсэн 83 иргэн нь автомат хариулагчаас мэдээлэл авсан.

-Иргэдээс хамгийн их асууж байгаа асуултыг тоон үзүүлэлтээр харьцуулж хэлэхгүй юү?

-Өнгөрсөн хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт дуудлагын ихэнх хувийг коронавирустэй холбоотой гурван асуудал эзэлж байна. Нэгдүгээрт, шинжилгээ авах цэгүүд, хоёрдугаарт, хот хооронд хэрхэн зорчих, тээврийн товчоодоор хэрхэн нэвтрэх, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар, гуравдугаарт, вакцинжуулалттай холбоотой асуудлаар иргэд түлхүү ханддаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээний 11 цэг иргэдэд үйлчилж, 09:00-17:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Өдөрт дунджаар 10 мянга орчим шинжилгээ авч байгаа. Иргэд шинжилгээний цэг дээр очихдоо www.eruul.gerege.mn цахим хаягаар урьдчилж цаг авах шаардлагатай. Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай хүмүүс бол тухайн эрүүл мэндийн байгууллага дээрээ шууд очно. Эрүүл мэндийн байгууллага нь тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авч, үйлчилгээ үзүүлж байгаа.

Тээврийн товчоодоор нэвтрэх иргэдийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 228 дугаар захирамжаар зохицуулж байна. Эрүүл мэндийн шалтгаантай, буяны ажилд оролцож байгаа болон хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс зорчиж болно. Мөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уухайн ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Ингэхдээ иргэд 72 цагийн хүчинтэй ПСР  шинжилгээ өгсөн байх ёстой. Тухайн хүлээн авч байгаа аймгийн Онцгой Комиссын шийдвэр байх шаардлагатай. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдгийг илтгэх байгууллагын гэрчилгээ, эсвэл нотлох бичиг баримт биедээ авч явна.

 Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын гадна амьдарч байгаа иргэд байдаг. Эдгээр иргэн иргэний үнэмлэхээ үзүүлээд нэвтрэх боломжтой. Буяны ажилд оролцох гэж байгаа иргэд таваас доош хүний бүрэлдэхүүнтэй тухайн орон нутаг руу зорчино. Түүнчлэн Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна. Харин таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй явахаар бол тухай аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, нэвтрэх юм. Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчихдоо тусгай зохицуулалтаар буюу Улсын Онцгой комиссоос зөвшөөрөл авна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 40 баг иргэдэд үйлчилж байна. Одоогоор 18-49 насны иргэд дархлаажуулалтад хамрагдаж эхлээгүй байгаа. Дархлаажуулалтад коронавирустэй нүүр тулан ажиллаж байгаа төрийн албан хаагчид, үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид хамрагдаж байна. Мөн зорилтот бүлэг болон ахмад настан, архаг суурь өвчтэй, бас энэхүү ажилд дам байдлаар оролцож байгаа төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, зах, худалдааны төвийн ажилчид, хоол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа салбарын хүмүүс гэх мэт үе шатлалтайгаар хамрагдаж байна. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд вакцинжуулалтыг дуусгах үүрэг, даалгавар Улсын Онцгой комиссоос өгсөн. Сүүлийн үед 18-49 насны иргэд хэзээ вакцинд хамрагдах вэ гэж их асууж байгаа. Вакцинд хамрагдах ажил тодорхой хуваарьтай, зохион байгуулалттайгаар үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, та вакцинд хамрагдах ёстой бол хорооноос тань руу утасдаж, хэзээ, хаана очиж вакцин хийлгэх талаарх мэдээллийг хэлж өгнө.

 Мөн шинжилгээний цэгийн хүрэлцээний асуудлаар иргэдээс их дуудлага ирж байгаа.  Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн А/01 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолд заасны дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо явуулын цэгүүдийг ажиллуулж, вакцинжуулалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор зайлшгүй шалтгаанаар хөдөө орон нутаг явах гэж буй иргэдийг хамруулах бэлтгэх ажил нийслэлийн хэмжээнд өрнөж байна.

-1800-1200 тусгай дугаарт хандаж байгаа иргэдийн асуултад та  бүхэн хэдэн хувьтай хариулт өгч байна вэ?

-Дуудлагад 98 хувьтай хариулт өгч байна. Энэ нь иргэдийн дуудлагыг хүлээн авч, шаардлагатай хариуг өгч ажиллаж байна гэсэн үг. Цаана нь үлдэж байгаа 1-2 хувь бол ямар ч Callcenter дээр гарч байдаг. Хэдий бүрэн дүүрэн хучин чадлаараа ажилласан ч хариулж чадахгүй байх тохиолдол гардаг. Жишээ нь, тухайн иргэний сүлжээ унах, нэгж дуусах, дуудлага давхардаж орж ирэх гэх мэт. Иргэдийн дуудлага алдалт бол харьцангуй бага байгаа. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар буюу Callcenter хамгийн дээд тал нь 20 шугамаар иргэдээс дуудлага хүлээн авах боломжтой. Сүүлийн үед иргэдээс өдөрт 350 орчим дуудлага ирж байна. Үүнтэй холбогдуулаад бид найман шугамаар иргэдээс дуудлага хүлээн авч ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top