өдөр
шөнө
×

Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулах саналтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа.

Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжилсан юм.

Хувийн хэвшлийнхэн "Коронавирустэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвд 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэв.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна. Хотын дарга энэ үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитойхон хийх хэрэгтэй байгааг онцолсон. Тухайлбал, Засгийн газрын 2009 онд авсан 400 автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top