өдөр
шөнө
×

Хотын дарга Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах, ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, мөн усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Компакт гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах үүрэг хүлээсэн. Тус нөхцөлүүдийн нэг болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн санхүүгийн асуудлыг амжилттай шийдвэрлэснийг талууд цохон тэмдэглэлээ.  Ингэснээр Монголын тал урьдчилсан болзолт нөхцөлүүдийг бүрэн хангаж, улмаар компакт гэрээ хүчин төгөлдөр болох боломж бүрдэж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, удирдлага чиглэлээр хангаж  ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос талархал илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг хурдан, шуурхай зохион байгуулахаар тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top