Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн "Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалт, ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна.
Эшлэл 1
Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана.
Эшлэл 2
Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын толгойны өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьсоор ирсэн. Гэтэл нэгдүгээрт систем нь, хоёрдугаарт тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал. Улаанбаатар хотын энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа.
Эшлэл 3
Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой. Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлигал, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой.
Эшлэл 4
Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна. Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа ажлууд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа.
Эшлэл 5
Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх. Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно.
Эшлэл 6
Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол 1.5 сая иргэнийхээ талд байх.
Эшлэл 7
Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана.
Эшлэл 8
Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан, өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.
Эшлэл 9
Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр тал бүрээр анхаарч ажиллаж байгаа.
Эшлэл 10
Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаан дээр суурилж ажиллаж байна. Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа.
Эшлэл 11
Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно.
Эшлэл 12
Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын "Найрсаг Улаанбаатар"-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.