өдөр
шөнө
×

Б.Энхтөр: Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын мөнгийг II улиралд багтаан олгоно

Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг хэзээ өгөх талаар Татварын ерөнхий газрын ТТҮГ-ын татварын улсын байцаагч Б.Энхтөрөөс тодрууллаа.


- 2020 онд Хувь хүний орлогын албан татварын тайлангаар хэдэн иргэн буцаан олголт авах хүсэлт ирүүлсэн бэ? 

- Энэ жил Монголын татварын алба "Хувь хүний орлогын албан татвар"-ын тайланг 100% цахимаар хүлээн авлаа. Цахим татварын системээр 260 гаруй мянган иргэн ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн нь урд жилүүдээс илүү идэвхтэйгээр тайлан гаргаж, албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн 50,682 иргэний тайлан ирснийг шалгаж, баталгаажуулж байна.

- Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтийг боловсруулж байгаа гэж ойлголоо. Цахимаар явуулсан хүсэлтэд ямар нэг алдаа дутагдал гарвал иргэд яах вэ?

- Энэ жилийн ХХОАТ-ын тайланг анх удаа цахимаар 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийг дуустал хүлээн авсан. Тухайн хүлээн авсан хуулийн хугацаа дуусахад систем дээр тайлан боловсруулалт хийгдэж, татварын улсын байцаагчид хуваарилагддаг. Ийнхүү байцаагч иргэний тайланг нягтлан шалгаад хэрэв залруулах шаардлагатай бол татвар төлөгчид засварлах мэдээллийг бичиж тайланг нь буцаадаг. Мөн утсаар нь холбогдож мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байгаа. 

- Хүсэлтэд гарч байгаа нийтлэг алдаа нь юу байна вэ? 

- ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайланг анх удаа иргэд цахимаар өгч байгаатай холбоотойгоор бүрдүүлэх материал дутуу ирүүлэх, тайлангийнхаа мэдээлэл буюу орлого зарлагын мэдээллээ дутуу бөглөх, хөнгөлөлт чөлөөлөлтийн хавсралтаа бөглөөгүй ирүүлэх гэх мэт алдаа нийтлэг байна. 

- Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэзээ иргэдийн дансанд орох вэ?

-ХХОАТ-ын тухай хуулийн 28.4.3-т буцаан олголтыг хоёрдугаар улиралд багтаан харьяалагдах засаг захиргааны нэгжийн төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид олгоно гэж заасан. 

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна…гэж заасан байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top