Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон дүүргийн удирдах албаны хүмүүс, хэлтэс албадын дарга нар болон ажлын албаныхан 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодод ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилтэй холбогдуулан “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд бичил цэцэрлэгт хүрээлэн 47 байршилд байгуулах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын хаягийг стандартжуулах, явган хүний зам дагуу байрлуулсан зарын самбаруудыг буулгаж, талбай чөлөөлөх зэрэг томоохон ажлуудыг хийх юм.
Хэдийгээр өнөөдөр /2021.03.27/ цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байсан боловч дүүргийн удирдлагууд тус хороодын Засаг дарга нартаа тохижилтын ажил гүйцэтгэх талбайд уулзаж, байрнуудын голд их хэмжээний талбай эзлэн байрлах авто машины грашуудыг чөлөөлөх талаар хэлэлцэв.
Мөн бидний нэрлэж заншсан “Саппоро” буюу “Намир төв”-ийн гадна талбайн цэцгийн мандал бүхий байгууламжийг илүү боловсронгуй хэлбэрээр тохижуулахаар боллоо.
Учир нь тус хэсэгт архи хэтрүүлэн хэрэглэгчид олноор цугларах гол нөхцөл бүрддэг байна. Энэ байдал нь тус цэгийг дайран өнгөрөх бусад иргэдэд хүндрэл эрсдэл учруулдаг.
Тиймээс “Саппоро” орчмын талбайд 24 цагийн турш цагдаагийн эргүүл гардаг талаар тус хорооны Засаг дарга Д.Соёлмаа хэлж байлаа.
Харин “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд тус хэсгийн ногоон байгууламжийг сэргээн, тохижуулсны дараа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой болгохоор ажлын хэсгийг гаргаж ажлуулахаар боллоо.